Friday, August 20, 2010
Хэн нь түрүүлэх бол?
2010 оны улиралын 3ны 2 нь дуусч хамгийн шийдвэрлэх үе тун удахгүй эхлэх гэж байгаа ийм үед гадаад дотоодын сонин, сэтгүүл, сэтгүүлч, тоймч нар хэн нь түрүүлэх боломжтой болон цаашид ямаршуу байх талаар тааварлан бичицгээж байгаа байх. Нэгэнт F1-ийн тухай бичдэг болохоор mnformula1.com ч бас энэ аятайхан ч юм шиг ажлаас зугтаад байлгүй өөрийнхөө ойлголтыг цэгцлэх гээд үзэхэд буруу юм юу байхав.
Тэгэхээр хэн нь хамгийн их түрүүлэх боломжтой хүн нь, баг нь вэ?
Энэ жил 4 түрүү аваад нисгэгчидийн жагсаалтыг тэргүүлж яваа Марк уу, эсвэл дэлхийн аваргууд болох McLaren-чуудын нэг нь үү, магадгүй бэйби Шуми юу, бүр Алонсо юу. Оны өмнө 8 нисгэгчийн нэгийг гэж тааж байсан тэр үеэс байдал нэлээд өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрээс лав л 3н нисгэгч хасагдсан нь тодорхой болж байх шиг санагдана. Энэ бол Шуми, Росберг, Масса нар.
Шумигийн тухайд бол энэ жил түүний хувьд өнгөрсөн гэдгийг бид бүгд мэднэ. Росберг ч мөн ялгаагүй. Онолын хувьд түүнд шанс байгаа ч Спагаас хойш сайжрахгүй WO1-ээр дээрх мангасуудтай өрсөлдөөд хаана нь хүрэхгүй бизээ. Харин ч зохион бүтээгчдийн цомын 4-р байраа Кубица, Петров нараас хамгаалж чадвал их юм болох биз.
Масса гэдэг нөхрийн тухайд харин маш их юм ярих хэрэгтэй болов уу. Ferrari-гийн хайртай хүү болох энэ бразил эр энэ жил тун муухан уралдаж байгаа мэт санагдавч багийн нөгөө гишүүн аваргын төлөө өрсөлдөж байгаа Алонсотой харьцуулахад тийм ч муу гэхэд бас хэцүү. Алонсод ч тэр, Массад ч тэр бүтэлгүй явдлууд их байсан ч Массагийн хувьд онцгойлж үзэх, санаж байх ёстой ганц нэг нөхцөл бий билээ. Тэгээд ч манай уншигчид дотор Массад "элэгтэй" хүмүүс маш их байгаа бололтой.
Би багийнхан дотор нь харьцуулаад байгаа ухаантай юм шүү гэдгийг нэг сануулаад эхлэхэд:
Хамгийн эхлээд Шанхайд пит лейн дээр болсон явдал. Тэр үед Масса багаар бодоход 5-р байр эзлэх боломжтой байсан ба Алонсо тэр дайралтаа хийгээгүй бол оноо авч чадах эсэх нь ч эргэлзээтэй байсан билээ.(Питэд зэрэг ирдэг энэ аймшигтай явдал үнэхээр хэцүү шүү) Хэрвээ ийм явдал бололгүйгээр (багийн төлөө сэтгэл байх ёстой гэж үздэг хүмүүс Алонсогийн хийсэн тэр дайралтыг, бүр пит лейн дээрх дайралтыг яагаад ч зөвтгөхгүй байх) уралдаан дууссан бол Масса Алонсо нарын онооны зөрүү одгийнхоос 10-15 оноогоор бага байх байсан болов уу.
Дараагийнх нь алдарт...faster than you... хэмээх гүйцэж түрүүлэх маневр. Энэ тухай зөндөө ярьж бичсэн учир давтах шаардлаггүй ба (эцсийн шийд ч бас гараагүй байгаа) ердөө л шудрагаар байсан бол онооны зөрөө 14-өөр багасах байлаа.
Эндээс зарим нэг тооцоо хийж болох ба одоо Алонсо 141 оноотой бол Масса 97 оноотой байгаа билээ. Тиймээс маш харамсалтайгаар бас нэг нисгэгч аваргын төлөөх тэмцэлд орохгүй болсон тухайд бичихээс өөр арга алга. Зарим тооцоогоор 20 хүрэхгүй онооны ялгаа байгаа биз. 20 оноо гэдэг маань шинэ системээр юу билээ? Бараг л юу ч биш... гэхдээ энэ тухай дараа.
Харин онолын хувьд муу биш шанстай Масса яагаад аваргын төлөөх тэмцэлээс хасагддаг билээ гэвэл? Тэр өөрөө өөртөө Алонсогийн "зэвсэг үүрэгч" албан тушаалыг ноогдуулсан бөгөөд 2008 оных шигээ галзуу байлаа ч багийнхан нь түүнийг одоо хазаарлаж орхино. Багаас нь аварга болох арай дөнгүүр шанстай Алонсод саад болох битгий хэл эсрэг тэмцэх үйлдлийг Массагаас гаргуулахгүй байж чадахгүй бол Ferrari маань Ferrari биш болох биз.
Тэргүүлж яваа Вебберийн хувьд хоёр дахь түрүүлэлтийн дараанаас эхлэн түүнийг бид бүхэн маш өөрөөр харахаас өөр аргагүй болсон билээ. Хоёр жилийн өмнө шахам нисгэгч карьер нь бараг л дуусч байгаа хэмээн бодогдож байсан энэ хүн одоо урьд өмнө хэзээ ч олдож байгаагүй, дахиж олдох ч үгүй алтан боломжтой болж ирлээ. Түүнд хамгийн хурдан машин байна, туршлага байна, аз хийморь зэрэг олон юм байгаа ба (ер нь л юм юм байгаа боловч багийн дэмжлэг харин ямаршуу байгаа бол?) одоо хамаг юм өөрөөс нь шалтгаалана. Түүний фенүүдийн хувьд нэг л сэтгэл зовоох зүйл байгаа нь багийн өрсөлдөгч Феттелийг хурдаараа гүйцэхээ больж байгаа явдал юм. Энд би цэвэр хурдны тухай ярьж байгаа ба харин үр дүнгийн талаар яриагүй билээ.
Лидерийн тухайд үүнээс өөр юм яриад яахав, хэл ам хол байг.
Mclaren-ы хоёрын тухайд байдал эрс хүндрээд ирэв бололтой. Улиралын дундуур хэсэгт Red Bull-ын "иргэний дайныг" далимдуулан нисгэгч, зохион бүтээгчийн цомыг тэргүүлээд эхэлсэн төдийгүй болид ч өрсөлдөх чадвартай байлаа. Харин сүүлийн 2-3 уралдаанд энэ багийн болид ч тэр, нисгэгч нар ч тэр тун тааруухан байна. Үлээдэг диффузор тавих гээд одоогоор олигтой амжилтанд хүрч чадахгүй байгаа ба ойрын нэг хоёр уралдаанд RB6-ийх шиг сайхан ажилддаг болчихоно гэх итгэл алга. Гэхдээ тэдэнд F-duct байгаа ба урт шулуунтай, хурдтай бага дарах хүч шаарддаг Спа, Монца гэсэн хоёр зам одоо дараалж байгаа ба тэнд McLaren-чууд хэнээс ч айхгүй. Тэгж байтал үлээдэг диффузор болон бусад шинэ элементүүд нь ажиллаад эхлэх биз ээ. Тэр тусмаа лидертэй онооны ялгаа гэж байхгүйтэй бараг адил. Гэхдээ энэ багийн хэн нь гол өрсөлдөгч вэ? Хэн хэн нь хамгийн хариуцлагатай үед (сүүлийн уралдаанд чичирдэг талаар хэлж байна) сөхрөөд суучих шахдаг маш том муу талтай ба Хэмилтон эрх биш одоо арай "оворжиж" байгаа байх. Баттон ч гэсэн нэгэнт аварга болсон, "20н жилд нэг төрдөг нисгэгч" гэгдсэн, "Баттоныг зажлалгүй залгих араатан" гэгдэж байсан Хэмилтоноос дутаад байх юм үгүйгээ нотолсон учир маш тайван юу л болвол болог гэсэн байдлаар хандаж байгаа нь (Жордан ингэж харж байгаа бололтой)үнэн бол улиралын эцэст түүнээс ямар ч хурд, дайчин чанар гарч болох юм. Гэхдээ Хэмилтон л энэ багаас аваргын төлөө үзэх болов уу.
Феттел. Хөөрхий амьтан.
Элдэв азгүйтэл, янз бүрийн "учрал" тохиолдолгүй явсан бол өдийд бараг аварга болсон байх ёстой хүн. Поулыг авахдаа бүгдийг арчиж хаяад л авдаг, уралдаанд болохоор байхгүй, заавал нэг юм болно. Хэрвээ тэр Марк урд нь байгаад галзуурчихгүй бол, түүнтэйгээ үзэж байгаад л Туркт болдог шиг хамаг юмаа баллаад хаячихгүй бол 2010 оны аварга мөн биз ээ. Элдэв юм болохгүй л бол Феттелд хамгийн том шанс байна гэж би хувьдаа үзэж байна.
Алонсо 5-р байранд байна. Дөнгөж 5-р байранд. Гэтэл дөнгөж 5-р байр маань лидерээс ердөө 20 онооны зөрүүтэй. Хуучнаар бол 7-8 онооны зөрүүтэй адилхан байх. Үлдсэн долоон уралдаанд энэ 20 оноог нөхөх хэр хэцүүг 2007 оны туршлагаар бодвол ямар ч асуудал алга. Спа өнгөрөхөд л урд нь зогсож байх боломж бий. Тэгэхээр "дөнгөж" 5-р байранд байгаа нисгэгч маань ганц хоёрхон уралдааны дараа "дөнгөж" 1-2 байранд явж байхад гайхах зүйл огтоос алга. Тэр тусмаа Нандо бол галзуу барын (Шуми) аманд гараа хоёр ч хийгээд, ялаад үзсэн хүн. Mclaren-ны хоёроос ч илүү шанстай болов уу.
Би голчлон нисгэгч авч үзлээ. Гэхдээ машинаас шалтгаалж нисгэгчийн амжилт өөрчлөгдөнө. Өөрийн ойлгож байгаа муухан ойлголт, даруухан мэдээллээс харахад : Аваргын төлөө өрсөлдөж байгаа дээрх 3 багаас одоогийн байдлаар Ferrari хамгийн том өөрчлөлт бэлдэж байгаа бололтой. Тэд Спад, амжихгүй бол Монцад F10-ынхаа арын хэсэгт маш том шинэчлэл хийх ба энэ нь ямар ч байсан хурдыг нь нэмж л таараа болов уу. Мэдээж бусад жижиг өөрчлөлт, шинэчлэл уралдаан болгонд байнга хийгдэнэ. Чухам иймээс бас дээр нь үлээдэг диффузороос дутахгүй үр дүнтэй "Масса" гэдэг элементтэй уралдах Алонсод Mclaren-ны хоёроос илүү шанс байгаа гэж үзээд байгаа билээ.
Харин Mclaren-ны хувьд бол одоогоор мэдэж байгаа юм алга. Унгарт шинэ үлээдэг диффузороо тавьсан ч олигтой юм лав өгөөгүй. Зуны амралт эхлээд бааз хаалттай байсан учир ахиц гараагүй нь тодорхой. Гэхдээ эд хийж чаддаг, шахаж чаддаг баг учир долоогийн долоон уралдаанд олон ч гайхуулж таараа. Үүнд эргэлзэх юм ер алга.
Red Bull-ын хувьд бол түүнд цорын ганц өрсөлдөгч,саад байгаа ба тэр нь Red Bull Racing Renault хэмээх баг. (Яахав Спа, Монцад моторын хүч бага зэрэг дутаж болох юм.) Тэд өөрсдийгөө л татаад унгачихгүй бол бусдаар бол одоогийн яриагаар бол яршиг л биз дээ.
Ингээд долоон уралдаан үлдээд байхад хэн түрүүлэх вэ гэдэг асуулт улам бүр хурцдаж байгаа ба тэрхүү долоон уралдаан (6 болж балрах гээд байх шиг)нэг бодлын ихээ холын, нөгөө бодлын энүүхэн энд дуусах юм шиг л санагдаж байна. Одоо хэн нь ч алдаа хийж болохгүй үе. Бид ч үзэхгүй өнгөрөөж болохгүй үе ирлээ шүү залуусаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment