Wednesday, December 1, 2010

mnformula1-ийн завсарлага


Сүүлийн хэдэн хоног сайт маань байралдаг сервер ч гэнэ үү нэг юм нь гэмтээд түүнийг нь засварлаж байгаа гэсээр хэсэг хугацааны турш таг чиг болсныг эхлээд хэлмээр. Уншигчид маань хөтлөгч шууд л хаяад явжээ гэж бодсон байх гэсэн айдастайгаар хэд хоног болсон бөгөөд элдэв хакерийн атакт өртөөгүй ч (яг л wikileaks өнөөх айхтар нууцаа дэлгэдэг өдрөө хакердуулдаг шиг ) таг болсон тэр өдөр л уг нь сайтынхаа уншигчидтайгаа түр салах ёс гүйцэтгэх гэж байсан билээ.
Яахав өнөөдөр энэ ажлыг хийх боломжтой болж нэг санаа амарлаа. Гэхдээ ДОХ-ын өдөр таардаг нь бас жаахан тийм. 

2009 болон 2010 оны улиралын турш F1 хэмээх зовлонтой боловч сайхан спорт, шоуны тухай өөрийнхөө хэрээр тайлбарлаж, шинэ мэдээллээс бусадтайгаа хуваалцаж, маргаж зөрж, санаа оноо нийлж сайхан байсан хоёр жил маань ингээд дуусч байгаа ба эргэж уулзана гэж итгэсээр сууна.  Олон олон уншигчдынхаа уурыг хүргэж, цаг завыг нь хулгайлж байсан энэ сайт маань яагаад завсарлах болов гэдэг талаар амалсан ёсоороо бяцхан тайлбар хийх хэрэгтэй байх. Эхлээд энэ талаар:
mnformula1.com-ыг хөтлөгч миний бие ганцхан спортын тухай дагнаж, ганцаараа хэсэг үзлээ хөөрхий. Энэ тал дээр маргаан гарахгүй нь тодорхой бол харин ганцаараа "дайтаж" байсан тэр хөтлөгч маань хэр зэрэг сайн ажиллаж байсан нь тийм ч тодорхой бус. Уншигч олон маань олон янзын сэтгэгдэл, мэдээ бичиж сайтын агуулага, үр дүнд онцгой сайнаар нөлөөлж байсныг энд дахин дахин хэлэх хэрэгтэй.
"Ганцаараа маш өргөн фронтоор дайтаж"  байсан хөтлөгч маань цөөхөн ч гэсэн хүнийг F1-ийн талаар ойлголттой болгож, тэр спортод дуртай болгосон гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ба сайтын зорилого нь ч ийм л байсан. Одоо харин эргэн харж зарим нэг зүйлийг ойлгох цаг болсон байх. Энэ нь юу вэ гэвэл:
mnformula1.com F1-ийн тухай дагнан бичсээр ямар нэг байдлаар "F1-ийн Монгол дуу хоолой" (Оросын Поповын нэрийг сайхан хуулсан шүү) болсон нь үнэн. Гэхдээ хэр зэрэг чанга, бодитой, дуу хоолой байсан бэ гэдэгт асуудлын гол байгаа юм. Нэг хүн л элдэв юм бичээд, дүгнээд, таагаад л... Шалхигүй байж өөр хүний хамаагүй илүү дээр хийх ажлыг урдуур нь дайраад гай болоод байгаа юм биш биз гэдэг бодол өнгөрсөн жил төрснөөс хойш их бодогдож билээ. Нээрээ ч F1-ийн тухай хамаагүй илүү өргөн мэдлэгтэй, илүү далайцтайгаар мэдээлэл хийх чадалтай хувь хүн, байгуулага байсаар байтал би гээч нөхөр "шавар хааж" байвал яана. Нэг эсвэл хоёр жил завсарлаад үзэхэд энэ орон зайг хаанахын хэн гээч нөхөр, байгуулага яаж эзлэж ямаршуу байдлаар ажиллах бол? гэсэн бодол байгаа ба энэ маш сонин байна. Энэ үнэхээр сонин байна.
Хэрвээ олигтой юм болвол би хувьдаа чадлаараа дэмжих ба цөөхөн ч гэсэн уншигчидтай болсны хувьд өөрийгөө голохгүй элдэв юм бичихсэн. Гэхдээ мэдээж mnformula1.comын хөтлөгчийг тоогдох гавьяатай гэж тэд үзвэл шүү дээ. Энэ тал дээр манай уншигчид дотроос юм бодож байгаа хүн байгаа байх. Сайн бодоорой.
Сайт хаагдаж байгаа дараагийн нэг шалтгааны тухай арай дэлгэрэнгүй ярих хэрэгтэй ч юм дуусч байхад нэг их новширмооргүй байна. Энэ нь F1-ийн тухай манайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл  хэрхэн яаж ажилддаг талаарх сэдэв юм. Анх сайтаа нээж байхдаа "манай хэвлэл мэдээллийнхэн шиг ийм хачин тэнэг юм хийж болохгүй" гэдэг бодолтой байсан бөгөөд энэ тогтсон утгагүй байдлыг арилгахад, үгүйдээ ийм байгааг нь ойлгуулахад нэмэр нөлөө болох гэж бодож байсан үе бий. Та бүхэн юу гэж бодож байгааг мэдэхгүй юм. Ялангуяа F1-ийн тухай хааяа ч гэсэн юм бичдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд. Миний хувьд бид буюу mnformula1.com-ын уншигчид бид энэ тал дээр маш том амжилт олсон. 2009 оноос өмнөх F1-ийн тухай мэдээлэл гэж ямархуу байсан талаар (C1-ээр гарсан шууд нэвтрүүлийг тооцохгүйгээр шүү. Сайнхүүгийн энэ нэвтрүүлэг тун дажгүй болж байсан гэж боддог) та бүхэн одоо нэг харах гээд үзээрэй. Хэцүү хэцүү. Хамгийн гол нь уншигч биднийгээ үл тоосон, "эдэнд юу ч өгч байсан зажлахгүй залгина" гэсэн хачин муухай байдлаар ханддаг байсан гэж би боддог юм. Тэр "тэнэгүүд" болох уншигчид чинь тийм ч дүүрсэн нөхөд бишээ гэдгийг харуулах гэж зорисон ба та бид үүнийг хамгийн бага хэмжээгээр ч гэсэн харуулж чадсан гэдэгтээ би огт эргэлзэхгүй байна. Одоо F1-ийн тухай арай өөрөөр бичдэг болсныг би лав анзаарч байх шиг. Наандаж л энэ спортын тухай бичих тал дээр арай буурьтай ханддаг болсон ба эрж хайж эхэлж. Гэхдээ л мэрэгжлийн сэтгүүлч нар гэхэд дэндүү дэндүү гэмээр алдаа, хайхрамжгүй байдал, уншигчид, үзэгчидээ үл хүндэлсэн байдал байсаар л байна. Бүр биеэ тоосон гэж хэлж болохоор.
Би энд нэгэн жишээ авая.
Абу Дабигийн уралдааны эхний практикийн нэлээд дараа, 2-р практик эхлэх арай болоогүй байх үед би нэгэн мэдээ бичих гээд л зурагтынхаа өмнө сууж байсан үед манай хүүхэд зурагтаар F1-ийн тухай ярьж байна гээд Боловсрол TV-г харуулллаа. Би тэр үед тэдний ярьсан хэлсэн талаар өөрийнхөө бодлыг бичиж л орхисон. Улирал дуусах гээд хамгийн чухал үед болж байдаг, энэ спортын хүн болгон хамгийн их үнэн зөв мэдээлэл хүсэн хүлээж байж байдаг ийм үед ингэж өнгөцхөн , таасан, буудсан байдлаар хандаж байгаад тэсэлгүй  цөөхөн зүйл бичсэн ба хариултыг нь ч Боловсрол TV-гийнхэн маань хэд хоногын дараа өгсөн байж билээ.
#2 EDU tv 2010-11-14 14:26
зөвхөн мнформула1.ком оос уншсан зүйлээ тв ярьдаг гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт гэж хэлмээр байна. формула нэгтэй холбоотой мэдээллийг гэхэд л бидний өдөр тутам ашигладаг 4 сайт мэдээллэж байдаг. гэхдээ танай сайтаас зарим нэг зүйлээ харж ойлгож явдаг. үүндээ ч талархал илэрхийлмээр байдаг. гэвч бас баасан гарагт зөвхөн 1-р практикийн дүнг гарсан талаар ярьсан. 2-р практикийн талаар нэг ч өгүүлбэр байгаагүй. миний бодлоор та телевизийн мэдээнүүдийг муу байдаг гэдэг ойлголттой, түүнээсээ болоод зөвхөн өө хайж суудаг бололтой. үүнээсээ салах цаг болсон зөвлөмөөр байна.
Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзээгүй бөгөөд өөрийнхөө харсан хэсгийн ганц нэгхэн алдааны тухай л бичсэн. Тэр тусмаа Ким Райконен хэзээ ч гэнэв хэн нэгнийг шахаж хааж байгаад Массад зам тавьж өгсөн ч гэлүү яалаа тийм юмных нь тухай бүр дурдаач үгүй өнгөрсөн юм. Хэзээ хаана ийм юм болсон юм бол. Интерлагос 2007, эсвэл Шанхай 2008-ыг  л хэлж байгаа бололтой. Тийм шахаж хаасан элдэв юм болоогүй, өөр байдлаар багийн тактик хэргэлсэн юмаа гээд эхлээд хэлэх байна. Хэлсэн ярьсныг нь сайн ойлгоогүйгээс энэ тухай бичсэнгүй.
Дараа нь 2-р практикын тухай ганц ч өгүүлбэр байхгүй гэж. Би хэн нэгнийг худлаа гөрдөж, зарим нэг хүн шиг байхгүйг байгаа болгож одоогоор сураагүй байна. Яахав өөрсдийнхөө архиваас тэр мэдээгээ хараад юу гэж хэлж ярьж байсныгаа хар гэж зөвлөх байна. Бүр цаг минуттай нь. 
Өө харж суудаг болон TV-нүүд муу байдаг гэсэн бодолтой байдаг талаар ч гэсэн дуугүй байж болохгүй байх.
Намайг ингэж бодоход хэн саад хийх хэрэг вэ? Өө хайхад ч гэсэн. Өөрийн бодолтой байж л бодгаль байж чадна. Тэгэхгүй хэн нэгний програмчилсан робот байх хэрэг үү. Өө хайх тухайд бол санаа алдаад л сууна. Өчнөөн төчнөөн өө байтугай юм TV-нүүдээр эхнээсээ дуустал байдаг. Тэр болгоныг хайгаад бичээд яваагүй бөгөөд тааралдсан, үнэхээр ингэж болохгүй гэсэн ганц нэгхэн зүйл дээр л дуугарч бичиж байсан нь иймэрхүү эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Надад зөвөлгөө хэрэгтэй боловч иймэрхүү зүйл харин ч нэг хэрэггүй биз ээ.  Харин нэг зүйлийг та бүхэнд зөвөлмөөр байна. Гадаа гараад, эсвэл аль нэг сайтаар Монголын Tv-нүүдийн талаар ямар бодолтой байдгыг нь TV-ээр гардаг шиг "модон албаны" байдлаар биш хүн хүнтэйгээ ярьж байгаа шиг ярилцаад үзээрэй.
Энэ янзаараа бол та бүхэн бүр шоконд орох бололтой.
F1-ийн тухайд бол бид зөндөө л ярьсан. Энэ тал дээр уншигчид үзэгчдийнхээ магтаалыг дүүрэн хүлээх TV болон мэдээллийн хэрэгсэл одоогоор алга. Тиймээс телевизийн мэдээнүүдийг муу биш бүр онц муу гэсэн ойлголтоосоо би одоогоор салж чадахгүй нь.
Боловсрол Tv-гийн тухай яриад уналаа гэж бүү бодоорой гэж бусад уншигчидаасаа хүсэх байна. Уг нь энэ TV спортын талд дээр хамгийн гайгүй байгаа нь тэд нар маань юм шүү дээ. Гэтэл тэд иймэрхүү хандлагаар ажиллахаар бусдыг нь яриад ч яахав.
Ямар ч байсан одоо бид F1-ийн тухай ярьдаг, маргалддаг болоод авсан ба үүнд mnformula1.com оролцож, ямар нэг байдлаархэвлэл мэдээллийн хэрэгсэлд  нөлөөлж байсны хувьд тавьсан зорилгоо бага ч гэсэн биелүүлж.
Дараагийн нэг сэдэв бол санхүүгийн асуудал.
Манай маш олон уншигч сайтаа цааш нь аваад яваасай, санхүү болохгүй байгаа бол хувиасаа нийлж туслаж дэмжие гэсэн зүйл ярьж бичиж байсныг та бид бүгдээрээ л харсан. Ингэх нь ч арагагүй байх. Учир нь миний бие уншигч цөөхөн учир реклам олж чадахгүй байна гэж олон удаа гомдоллож бичиж байснаас уншигч нарт маань асуудлын гол нь зөвхөн санхүүд байна гэсэн ойлголт төрсөн байх.
Энэ тийм биш юм. Энэ сайтыг нээхдээ ашиг олох тухай бодож байгаагүй ба сайт маань өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээнд л байгаасай гэж бодож байлаа. Мэдээж их мөнгө олдож байвал сайхан байлгүй яахав. Гэхдээ асуудлын гол нь арай өөр зүйлд байгаад хамаг хэрэг.
Хөтлөгч миний бие сайн дурын уран сайхан ч хэлбэрээр ажиллаад цааш даа явахгүй. Ингэхийн тулд энэ спортын талаар юм дуугарах хүмүүсийг олж, бичүүлж , сайтынхаа техникийн талын асуудлыг (энэ хамгийн хэцүү асуудал) байнга шийдэж байх хэрэгтэй ба үүнд тогтсон бодит орлого зарлага байх хэрэгтэй. Энэ маань ямар нэг хандивын талаах ярианаас арай өөр зүйл гэдгийг яаж тайлбарлах вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Реклам болон спонсор дутагдаж байгаа гэдгийг ямар нэгэн санхүү талаас биш харин техникийн маш чухал нэг элемент байхгүй байгаатай зүйрлэж ойлгох ч юмуу тийм байдлаар хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аливаа зүйл номоороо л явах хэрэгтэй.
mnfomula1.com номоороо явж чадсангүй. Реклам, спонсор олоогүйгээс үйл ажиллагаа нь дутуу хүтүү зүйл болж байгаа ба энэ байдлаараа цаашид үргэлжилбэл бүр ч утгаа алдах шинжтэй болно. Тиймээс энэ сайтыг цаашид үргэлжлүүлэхийн тулд одоо завсарлага авах зайлшгүй шаардлагатай болж байна.
Одоо харин түнтгэр духт Лениний бичсэн шиг "юу хийх вэ?" гэдэг тал дээр.
Юу хийх вэ? Би дотроо нэгэн бодолтой байгаа ба энэ талаар маш товчхон хэлэхэд:
F1-ийн тухай бичдэг гадаад дотоодын сайтууд ганц нэгхэн ерөнхий спонсортой байдаг бололтой. Яг л тийм замаар ажиллах хэрэгтэй юм байна гэж ойлгосон ба ганц нэг жил ийм боломж байгаа эсэхийг хайгаад үзэе. Хэрвээ олж чадвал мэдээж...
Магадгүй 2011 оны улиралын эхлэлтэй давхцаад сайт маань ажиллаад эхэлж болох. Ийм боломж бага ч гэсэн байгаа ба сумочдын хэлдэгээр би хичээнээ. Үүнээс олон юм одоогоор ярьмааргүй байна. Шансаа үргээчихгүйн тулд шүү.
Сайтаа завсарлуулаад ингэж тэгэж болох гэж бүрэн бус олон жижиг төлөвлөгөө дотор маань байсан боловч энэ тухай одоо ярьж болохгүй нь. учир нь нэг жижиг шансын тухай түрүүн ярьсан даа. Тиймээс зүгээр ингээд л дуусгая.
Гэхдээ бас нэг төлөвлөгөө байна. Тэр нь хөтлөгч миний бие өөрийн хувийн блог нээх явдал. Түүн дээрээ өдөр болгон юм бичихгүй бөгөөд хааяа бичмээр санагдсан үедээл ганц нэг сараачих байх. сэдэв гэж хаа хамаагүй юм байх ба F1-ийн тухайд онцгой юм болохгүй л бол нэг их бичихгүй санаатай. Цөөхөн уншигчидаа хадгалах гэж олсон ганц арга маань ердөө л энэ. Тэгээд ч байнга формтой байхгүй байхгүй бол хамаг хэрэг бүтээд mnformula1.com дахиад эхлэх үед барьц алдахгүй бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.
Мөн үүнээс гадна Fantasy -даа маш их найдлага тавьж байгаа ба mnformula1.com-ыг байхгүй үед тэд маань л хамаг ажлыг үүрнэ гэж бодож байгаа шүү. Би буруу бодоогүй байгаа !!!! Nmrdn болон Jupirra нараа.
Ямар нэг блогын тухай мэдээ гарах нуу гээд энэ сайтаа хааяа нэг ч гэсэн харж байгаарай.
Баяртай гэж хэлсэн бол эргэж харалгүй яв гэдэг. Түр баяртай гэж байгаа учир хааяа уулзалдах байх аа.
Нандо, Себ, Хэми... гэх мэтээр өөрийн найз нөхөд аятай тэднийхээ тухай бичдэг ярьдаг, маргалддаг сайхан үе маань дууслаа.

No comments:

Post a Comment